Х.Кобаяши: Урт хугацааны бизнесийн харилцаа, сайн түншлэлийг үүсгэх зорилгоор бизнес форум зохион байгуулж байна
Элчин сайд Х.Кобаяши хэлэхдээ, бид өнгөрсөн 50 жилийн түүхээ эргэн харж, сургамжаасаа суралцан цаашдын хамтын ажиллагааны хөгжилдөө тусгах нь чухал. Коронавирусийн халдвар дэгдсэнээс хойших хугацаанд тулгарсан хүндрэл бэрхшээл, хямралыг даван туулах хүчин чармайлт гарч, эдийн засгаа сэргээх шинэ үе шатанд шилжиж буй энэ үед харилцан ашигтай, урт хугацааны бизнесийн харилцаа, сайн түншлэлийг үүсгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор өнөөдрийн форумыг зохион байгуулж байгаагаа тэмдэглэв.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэндчилгээндээ, Япон Улс нь Монгол Улсын стратегийн түншлэлийн харилцаатай, “гуравдагч хөрш” бөгөөд “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” байгуулсан анхны орон болохыг дурдаад хоёр орны бизнес эрхлэгчид бүхий л салбарт хамтран ажиллаж амжилтад хүрч байгааг дурдав. Японы хөрөнгө оруулалттай 670 гаруй компани Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа нь Япон Улсын бизнесийн бодит сонирхол бий болсныг харуулж байна.
Түүнчлэн “Осака-Кансай ЭКСПО 2025” дэлхийн ээлжит үзэсгэлэнгийн зохион байгуулагч болох Япон Улсын Засгийн газрын урилгаар Монгол Улс тус үзэсгэлэнд оролцох болсон нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, иргэд хоорондын харилцааг дэмжихэд чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэлээ гэж Японы Элчин сайдын яамнаас мэдээлэв.