АНУ-ын арми Старлинкийн интернэт үйлчилгээг ашиглаж эхэлжээ
Украины дайны үеэр чадвараа харуулсан Старлинк хиймэл дагуулын интернэт үйлчилгээг үйл ажиллагаандаа ашиглахаар болсныг АНУ-ын агаарын зэвсэгт хүчний удирдлага мэдэгджээ. Тухайлбал Европ, Африк дахь АНУ-ын агаарын цэргийн баазууд энэ сараас эхлэн SpaceX компанийн байгуулсан Старлинк сүлжээнд холбогдохоор болсон байна. 12 сарын хугацаатай, $1.92 саяын дүнтэй гэрээг өнгөрсөн сарын сүүлээр байгуулжээ. Агаарын зэвсэгт хүчний удирдлагын төвөөс гаргасан мэдэгдэлд Старлинкийг одоогоор Европ, Африк тивүүдэд зэрэг үйлчилгээ үзүүлэх чадвартай цорын ганц хувийн компани гээд байгуулсан сүлжээ, холболтын чанар нь өрсөлдөгчдөөсөө хол илүү болохыг тайлбарласан байна. Бас мөргөлдөөнтэй бүс нутагт ашиглагдаж байгаа цорын ганц хиймэл дагуулын үйлчилгээ гэж тодорхойлсон нь Украиныг дурдсан хэрэг байв.