Ажлаа хийнгээ тасралтгүй суралцсан түүх буюу “Амьдрал бол өгүүлбэртэй бодлого”
Монгол Улсын их сургуулийг 2005 онд дүүргэсэн геологич залуу эдүгээ мэргэшсэн инженер болтлоо мэргэжил, ур чадвараа ахиулж 40 гаруй хүнтэй алба удирдан ажиллаж байна.
- Уурхайчин болсон түүхээс нь ярилцлагаа эхлэх үү. МУИС-ийн хуваарь аймагт цөөхөн ирдэг байх аа, тийм үү?
- Үнэндээ бол зүгээр л олдсон хуваарь нь. Инженер болъё, Улаанбаатарт л очиж сургуульд суръя гэсэн бодол байсан. Тухайн үед аймагт ирсэн хуваариас авах боломжтой бөгөөд миний сонирхсон мэргэжил нь геологич байлаа. Хүмүүсийн ярьдаг шиг романтик түүх бол байхгүй ээ. (инээв)
- Хотод ирээд оюутан болоод сурах явцдаа мэргэжилдээ илүү татагдсан байх нь ээ?
- Бусад оюутны нэгэн адил хичээлдээ сууж, багш нараасаа суралцаж, найз нөхөдтэй болж, мэргэжлийнхээ талаар шат шатаар таньж, мэдсэн. Илүү их судалгааны чиглэлийн ажил юм байна гэдгийг тэр үед ойлгосон.
- Анхны дадлагаа хаана хийсэн бэ?
- Ховд аймгийн Зоргол сумын "Алтай нэгдэл" компанид дадлага хийсэн. 2004 оны хавар үйлдвэрлэлийн дадлагаар геологийн компанид ажиллаж, онол л сонсож байсан хүн анх хөдөө гарсан даа. Цомхон бүрэлдэхүүнтэй хээрийн ангид очиж, тухайн ангийн дарга Батбаяр геологичийн удирдлагад 4-5 мэргэжлийн хүнтэй хамт ажиллаж, ачааллыг нь хуваалцаж зуссан. Ховд аймгийн Цэцэг, Алтай суманд ажилласан.
- Уул уурхайн салбарын үйл ажиллагаа нэлээд эрчимжсэн цаг хугацаанд хамаарах мэргэжилтэн үү?
- Би 2001 онд сургуульд элссэн. Хүмүүсийн уул уурхай эрчээ авсан гэж яриад байгаа хугацаа нь 2003 оноос эхэлдэг. Ховдоос энэ чиглэлээр МУИС-д тухайн үед гурван хүүхэд л сурч байлаа.
- Аав, ээж нь чамайг нутагтаа ирж "ажиллаарай" гэдэг даалгавартай үдсэн үү?
- Тийм юм бол байгаагүй. Сургуульдаа сураад, геологич болъё, сайн мэргэжилтэн байхыг л хичээе гэснээс өөр бодолгүй явлаа. Хувь тавилангийн тохиол гэх үү дээ. Төрсөн нутагт нь далайцтай том төсөл эхлээд, тэр тухай найз маань санал болгож яриад, Эрхүүд сурч байснаа энд ирээд ажилласан гээд бодохоор нэг учир байжээ. Дадлага л хийснээс өөр туршлагагүй нөхөр ажилд орохоор ирлээ. Энд 40 гаруй өрөмдлөгийн машин ажиллачихсан, сүртэй гэж. Надад маш гоё санагдсан. Гадаад мэргэжилтнүүд болон монгол мундаг ах нар байсан болохоор аятайхан газарт ажилд орчихлоо гэсэн сэтгэгдэл анхнаасаа л төрсөн.
- Танай сургуулийнхан болон уул уурхайн салбарынхан энэ төслийн талаар анх ямар төсөөлөлтэй байсан бэ?
- Манай уурхайн ахлах геологич Мөнгөнжигүүр болон тэдний ангийнхан анх хамт ирцгээсэн. Тэд надаас гурван жилээр илүү туршлагатай. Хоорондоо ярьж байгааг нь сонссон ч тэр, хүмүүсийн байр байдлыг ажигласан ч тэр аятайхан ажилд яваад орчихлоо шүү гэсэн сэтгэгдэл төрсөн. Монголд байгаагүй тоног төхөөрөмжүүдийг оруулж ирээд, 40 өрөм зэрэг ажиллуулаад, ганц зуны хугацаанд ийм их ажил хийдэг тохиолдол байхгүй.
- Хүү нь мэргэжил эзэмшээд, төрөлх нутагтаа эргэж ирээд, том төслийн нэг хэсэг болж ажиллаж эхэлсэн болохоор аав, ээжид нь сайхан байсан байх даа.
- Баярлаад, түүнийгээ илэрхийд, сүйд болоогүй ч хандлагыг нь ажиглахад таатай байгаа нь мэдэгдэлгүй яах вэ.
- Ах, дүү хэдүүлээ вэ, тэд нар нь ямар мэргэжлээр ажиллаж байна вэ?
- Би хоёр эгч, нэг дүүтэй. Нэг нь эрхзүйч, нөгөө нь нягтлан. Эгч маань Ховд аймгийн төвд ч ажиллаж байсан. Бас Булганд прокурор хийж байсан. Дүүг оюутан болоод орж ирснээс хойш ээж ч бас хотод ирсэн.