А.Урангоо: Ард кино театрын суурин дээр Улаанбаатар хотын бизнес, санхүүгийн төвийг босгоно

  8 сарын 21


IBC Tower буюу Ард кино театрын оронд босох бизнес, санхүүгийн төв барилгын төслийн Ерөнхий захирал А.Урангоотой ярилцлаа. Монголын барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарт дэвшил авчирч, салбарын хөгжлийг шат ахиулж буй тус төслийн зураг олны анхааралд нэлээн өртөөд амжсан. Түүнтэй энэ талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

- Ард кино театрын барилгыг буулгаж байгаа асуудал олны анхаарлыг ихээхэн татаж байна. Театрын буурин дээр олон улсын жишигт нийцсэн кино театртай, бизнесийн төв бүхий "International Busi­ness Center" барих төсөл хэрэгжинэ гэж дуулсан. Тэгэхээр олон зүйл дээр тодруулга авахаас өмнө та бүхний хэрэгжүүлэх гэж байгаа төсөлтэй эхлээд танилцъя?

- Улс орон болгонд хот төлөвлөлтөө дагаад төвлөрлийн онцлогоосоо шалтгаалан бүсчлэн хөгжсөн олон жишээ байдаг. Тэр тусмаа хотын төвийн бизнесийн бүсчлэл өөрөө нийслэлийн өнгө төрх болж байдаг. Улс орны маань хөгжил өөрөө гаднын хөрөнгө оруулалт, уул уурхай, санхүүгийн зах зээлээс ихээхэн хамааралтай. Бид байршлынхаа тогтолцооны судалгааг хийж эргэн тойронд хүрээлэгдэх санхүүгийн байгууллагууд, олон жилийн турш энэ хавьд үүссэн санхүүгийн үйлчилгээний эрэлт нийлүүлэлт мөн оффисын барилгуудын нийлүүлэлт дутуу байгааг тооцон энэхүү төслийг эхлүүлэх шийдвэр гаргасан.

Эргэн тойронд байгаа санхүүгийн байгууллагууд маань ихэвчлэн орон сууцны зориулалттай, талбай, зогсоол муу байгаа нь энэ хавийн оршин суугчдын бухимдлыг төрүүлсээр ирсэн. Энэ их санхүүгийн байгууллагуудын төвлөрөл дунд яг олон улсын стандартын санхүү бизнесийн цогц үйлчилгээг зогсоол болон орчны сайжруулалтын хамт нийслэлийнхээ А бүсэд цогцлоох зорилготой. Мөн театрынх нь консепцыг хэвээр үлдээж олон нийтийн хүлээлт үүсгэж байгаа олон улсын стандартын 450 хүний суудалтай театр бүхий 25 давхар тауэрыг барих ажилдаа ороод нэг жил гаран болж байна.

- Ард кино театр өнөөдрийн байдлаар ямар статустай байдаг юм бэ. Олон нийтийн ойлгож байгаагаар түүх соёлын дурсгалт барилга учраас төрийн өмч гэсэн ойлголттой байдаг. Энэ талаар тодруулахгүй юу?

- Энэ барилга нь 1966 онд анх нээлтээ хийж тухайн үеийн хоёр танхимтай Монголын анхдагч кино театруудын нэг болж байсан юм билээ. Гэвч зах зээлийн нийгэмд шилжсэнээр 1995 оноос хойш кино үзвэр гарах боломжгүй болж улмаар 2004 онд хувьчлагдан 100 хувь хувийн өмч болсон түүхтэй. Уг газар болон барилга нь өнөөдрийн байдлаар аль ч түүх соёлын дурсгалт барилгын жагсаалтад багтаагүй байдаг. Мөн барилгын хийц, чанарыг бодолцвол насжилтын хувьд актлах барилгуудын нэг болсон.

- Түүх соёлын дурсгалт барилгыг нурааж байгаа нь буруу гэж үзэх хүмүүс олон байна. Тухайн үеийнхээ түүхийг хадгалж, ирээдүй хойчид дурсгал болж үлдэх ёстой гэсэн байр суурийг тэд илэрхийлж байгаа. Та бол барилга үл хөдлөх хөрөнгийн салбарт олон жил ажилласан хүн. Ер нь энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?

- Соёлын өв өөрөө уламжлагдан хадгалагдаж, тэр нь үнэ цэнээ хадгалан үлдэх нь ямар ч улс орны хотжилтын соёлд байдаг. Гэсэн хэдий ч Ард кино театрын энэ барилга нь улсын, нийслэлийн, Засгийн газрын, соёлын гээд аль ч газраас гаргасан түүхийн дурсгалт барилгын жагсаалтуудад багтаагүйг дурдах ёстой. Түүнээс гадна барилгын одоо байгаа нөхцөл байдал нь үйл ажиллагаа явуулах боломжгүй, эрүүл ахуйн болон газар хөдлөлтийн тэсвэртэй байдлын шаардлага хангаагүй, өнгө үзэмжгүй болсон гээд дахиж үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтүүд ч үүнийг бататгаж байгаа юм.

Нөгөө талаар энэ барилга яг энэ чигээрээ хадгалагдан үлдэхэд наанадаж санхүүгийн байгууллагуудын үйлчлүүлэгчдийн хөл хөдөлгөөн, энэ хавийн сургууль болон оршин суугчид, үйлчилгээний байгууллагуудын дунд олон асуудлууд үүсгэж байгаа юм. Бид төслийг хэрэгжүүлж, илүү сайжруулж байгаа нь давхар хотын өнгө үзэмж, зогсоол, бизнесүүдийн системтэй төвлөрөл, одоо байгаа газрын хэмжээн дээр нэмээд В3 давхар 280 орчим машины зогсоолыг нэмж энэ хэсгийн хөл хөдөлгөөний урсгалыг сайжруулсан төлөвлөлтийг шингээж өгч байгаа юм. Олон улсын санхүү бизнесийн төвөө дагаад эргэн тойрны оршин суугчдын маань орон сууцны үнэлгээ давхар өсөх тооцооллыг ч бид гаргасан байгаа. Дэлхийн олон улс оронд санхүү бизнесийн дүүргээ дагаад ойр орчим дахь үйлчилгээ болон орон сууцнууд өндөр үнэлгээтэй болсон байдаг.

- Ард кино театрын барилгыг энэ сарын 15-наас буулгаж эхэлсэн. Гэтэл НМХГ-аас зогсоосон гэсэн мэдээлэл гараад байна. Энэ талаар тодруулахгүй юу?

- Бид энэ сарын 15-наас эхлэн буулгалтын ажилдаа бэлдэж бэлтгэлээ хангаж эхэлсэн. Аюулгүй байдлыг хангах ажил хийж дуусгаад буулгалтын ажил албан ёсоор эхлэх болно. Өнөөдрийн байдлаар бид тус төслийнхөө хөгжүүлэлт мөн эргэн тойрны бизнесийн байгууллагууд болон оршин суугчдад төслийн давуу тал болон ач холбогдлыг танилцуулах ажлыг хийж байна. Энэ сардаа төслийн бүрэн танилцуулга бүхий хашаа хийгдэнэ. Хоёр мэргэжилтэн маань Герман улс руу барилгын ажлын техникийн нөхцөлийн бүрдүүлэлтийг хийхээр явсан.

- Кино театрын буурин дээр босох "International Business Center" барих төсөл яг хэзээ, хэрхэн эхэлсэн талаар мэдээллийг олон нийт сонирхож байгаа болов уу?

-2021 онд төсөл эхэлснээс хойш тухайн барилга болон газрын тухай судалгаа, зах зээлийн эрэлт хэрэгцээ, Улаанбаатар хот төдийгүй олон улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн судалгаа, ойр орчмын төлөвлөлт, эдийн засгийн үр ашгийн тооцоолол, олон улсын барилгын стандарт болон шинэ технологи, олон улсад дахин төлөвлөлтийг амжилттай хэрэгжүүлсэн туршлага, барилгын консепт үнэ цэнийг тодорхойлох зэрэг ажлууд хийгдсэний үндсэн дээр Inter­national Business Center буюу IBC Tower төслийн одоогийн дүр төрх бий болсон.

Санал болгох мэдээ