ФОТО: Гэнэтхэн шарлачихдаг гэгэлгэн НАМАР
Дөрвийн дөрвөн улиралтай ч ганцхан намар л ирж, буцдаг орчлонгийн жамыг сануулах мэт нэг л мэдэхэд шарлачихдаг. Үүнийг нь бид их ажлын дундаас толгой өндийх завгүй гүйж явснаа нэг өглөө л анзаарч "Өвөл боллоо доо" гэж санаа алддаг.
Гуних л, санах л ёстой мэт, гудамжаар алхаж өнө эртний дурсамжаа сэтгэл зүрхнийхээ хаа нэгтэйгээс эрж хаймаар ч юм шиг хачин улирал шүү, энэ намар.
Харахаас шинэхэн оюутны гоё, ганганд атаархмаар, дахиад оюутан болж тэдэнтэй барьцмаар. Арван жилийн сурагч болоод автобусанд суугаад ангиараа зугаалмаар. Аав ээж рүүгээ гараад давхичихмаар. Үгүй ер энүүхэн Богд уул руу алхаж навчсыг мэдэрч, нар руу харж найтаамаар ч юм шиг гэгэлгэн шүү, энэ намар.
Хаа яваа бол гэж хэн нэгнийг үгүйлмээр, харихдаа хэдэн буудал газар албаар ганцаардаж алхмаар, байрны гадаа байж л байсан үл анзаарагддаг моддыг өнөөдөр гэнэт анзаарч ажиглаж зогсмоор амгалан шүү, энэ намар.
Ийм болохоор л намрын улирал өвлөөс, зунаас бас хавраас илүүтэй хүний сэтгэлийн алдуурч ядсан дурсамжид уяатай явдаг байх л даа...