"Хар тамхины хэргээр БНХАУ-д хоригдсон хоёр эмэгтэйг эх оронд нь шилжүүлэн авсан"

  7 сарын 6

Хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэх гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдлын талаар УЕПГ-ын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор У.Золжаргал мэдээлэл хийлээ. Тэрбээр "БНХАУ-тай мэдээлэл солилцсоны үр дүнд өнгөрсөн онд Монгол Улсын гурван эмэгтэй хоригдлыг шилжүүлж аваад байна. Тэдний хоёр нь хар тамхи, мансууруулах бодис, нэг нь хориотой ан амьтны гаралтай бүтээгдэхүүн хилээр нэвтрүүлсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн. БНХАУ-д ял эдэлж байгаа манай улсын дийлэнх хүмүүс хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдсон байдаг. Тус улсын ялын бодлого хатуу. Граммаас шалтгаалаад цаазаар авах хүртэл ял оноодог" гэв. Мөн тэрбээр "Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэргүүд ихээр үйлдэгдэж байна. Шүүхээс хорихоос өөр төрлийн хориглолт, хязгаарлалт тогтоосон үед дахин энэ төрлийн эм бэлдмэл, бодис хэрэглэсэн эсэхийг цагдаа болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамтран гэнэтийн шалгалтуудыг хэрэгжүүлж ажиллаж байгаа. Энэ шалгалтын үндсэн дээр 2022 оны эхний хагас жилийн байдлаар хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн 59 хүнийг хянаж байна. Тогтмол шалгалтын явцад хоёр хүн дахин мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдсон. Улмаар прокурорын дүгнэлтээр хязгаарлалтыг хүчингүй болгож, шүүхээр ял оногдуулж шийдвэрлээд байна" гэв.

Санал болгох мэдээ